s

onsdag 24 mars 2010

Монголд гарч буй сонин сэтгүүл дээрх нийтлэлүүдээс

Төрөх эмнэлэг хэрэгтэй юу? Төрийн ордон хэрэгтэй юу?
Яг өнөөдрийн бодит байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эх, үрс эсэн мэнд амаржина гэдэг нь ёстой л амь дүйсэн үйлдэл гэмээр болж. Тодруулж хэлбэл, нийслэлчүүд техник, технологийн дэвшилтэт ХХI зууны шинэ өглөөг төрөхийн эндэгдэл, хүйн халдвар эсвэл энэ дэлхийд мэндлээд нүдээ бүрэн ч нээж амжаагүй бяцхан үр хорвоогийн мөнх бусыг үзсэн гэх аймшигт мэдээтэй угтсаар нэлээд хэдэн өдрийг ардаа орхилоо.


Хорвоод хүн мэндлэх нь гайхамшиг
Eнэ хорвоод нэгэн шинэ хүнийг тосон авах нь хэн бүхэнд сайхан хэрэг билээ. Тийм ч учраас өвөг дээдэс минь үртэй хүн жаргадаг, үндэстэй мод найгадаг хэмээн сургаж үлдээсэн биз. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаа нь баярламаар мэдээ юм. Хүүхэд гэр бүлдээ аз жаргал авчирч байна. Цаашлаад улс орныхоо хөгжил дэвшилд нэгэн шинэ хүч болж байна. Учир нь судлаачид Монголд төрөлт нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг авчирна хэмээн зөвлөж байгаа. Хэрэв төрөлт буураад байвал хөдөлмөрийн насны хүн ам багасч, нийгмийн халамжид хамрагдах хүний тоо нэмэгдэх аж. Яг л хөгшин Европ шиг болно гэсэн үг. Тийм ч учраас одоогийн төрөлтийн тоог бууруулж болохгүй хэмээн эрдэмтэн судлаачид зөвлөсөн.

Харин айл гэрт аз жаргал, улс оронд хөгжил авчирах бяцхан үрсээ бид эрүүл, аюулгүй орчинд тосон авч чадаж байна уу. Хэн ч “тийм” гэж итгэлтэйгээр хэлж чадахгүй. Ялангуяа, сүүлийн саруудад уг салбарт тохиолдоод байгаа элдэв бэрхшээл нь ингэж хэлэхээс зүрхшээхэд хүргэж байна. Өнөөдөр улсын ямар ч төрөх эмнэлэгт ороод ачаалал нь хэд дахин нэмэгдсэний улмаас олон хүн хөлхөх коридорт тогоо шиг гэдэстэй эмэгтэйчүүд ор тавин хэвтэж байгааг харж болно.

Нийслэлийн хүн амын нягтралтай холбоотойгоор 1997-1998 оноос нийгэмд нэн шаардлагатай үйлчилгээний байгууллагуудын ачаалал нэмэгдэж эхэлсэн юм билээ. Энэ дундаас хүний эрүүл мэнд, амь настай холбоотой төрөх эмнэлгийн асуудал онцгойлон тавигдаж эхэлсэн байдаг. Тухайлбал, 1997 онд төрөх насны эмэгтэйчүүдийн тоо 185 мянга орчим байсан бол 11 жилийн дараа энэ нь 400 мянга болон өсчээ. Гэтэл нийслэлийн хэмжээн дэх гурван амаржих газар болон ЭНЭШТ-д нийт 489 төрөх ор бий. Дээрээс нь III амаржих газар хагас зуун жилийн өмнө ашиглалтад орсон зориулалтын бус байранд байдаг. Харин II амаржих газрын өвгөн барилгын хана нь цуурч, мөөгөнцөртчээ. Мөн нөгөө л хүйн халдвар тараасан магистрал шугам цооролттой хэвээр байгаа. Энэ бүхэн нь төрөх эмнэлэг шинээр барих зайлшгүй шалтгаан болж байна. Ер нь төрөх эмнэлэгт халдвар тархаж буй гол шалтгаан нь ачаалал эрс өссөнтэй холбоотой хэмээн мэргэжлийн хүн хэлэв. Өөрөөр хэлбэл, олон жирэмсэн эх нэг дор бөөгнөрснөөр нэгэндээ элдэв халдвар тараах нөхцөл үүсдэг байна.

Улстөрчид гар татаж байна
Олон хүний мөрөөдөл болоод байгаа шинэ төрөх эмнэлэг барих асуудал гурван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Анх төрөх эмнэлэг барих саналыг тойрогтоо ажиллаж байсан УИХ-ын гишүүдэд иргэд хэлсэн юм билээ. IV төрөх эмнэлгийг барихад 19 тэрбум төгрөг шаардлагатай аж. Энэ нь төрийн ордон барихад зарцуулах гэж буй мөнгөнөөс нэг тэрбумаар бага юм. Одоогийн байдлаар төрөх эмнэлгийн зураг төсөл хийгдэж дуусаад санхүүжилт байвал ажлаа эхлэхэд бэлэн болжээ. Өмнө нь хаана барих талаар нэлээн маргаантай байсан боловч 300 ортой төрөхийг Яармагийн орчим барихаар төлөвлөсөн аж. Орчин үеийн төрөх эмнэлгийн бүх шаардлагыг хангасан, цогц үйлчилгээ үзүүлэх түвшинд төлөвлөсөн юм байна. Нэг үгээр хэлбэл, төрөхөд гарах бүхий л хүндрэлийн үед авах арга хэмжээг нэг дор төвлөрүүлсэн гэж ойлгож болно. Гэвч зураг төсөл нь бэлэн болж, бодит биелэлээ олохоор дуншиж байгаа уг төрөх эмнэлгийн санхүүжилтэд эрхэм түшээд гар татаж сууна. Албаны хүний мэдээлж буйгаар энэ онд IV төрөх эмнэлгийн ажлыг эхлүүлэхэд зориулж 740 сая төгрөг төсөвт суулгаж өгчээ. Энэ нь нийт санхүүжилтийн ердөө тав орчим хувь юм. Хэрэв жил бүр ийм хэмжээний мөнгө төсөвлөнө гэвэл ойрын арван гаруй жилд төрөх эмнэлэгтэй болох талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Иймд төсөвт суулгасан мөнгийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн салбарынхан үзэж байна. Ер нь манай улс эрүүл мэндийн салбартаа туйлын бага хөрөнгө оруулалт хийдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж буйгаар манай улс дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийнхээ дор хаяж таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбарт оруулах ёстой аж. Гэтэл өнгөрсөн жилийн байдлаар ДНБ-ний ердөө 3.2 хувьтай тэнцэх мөнгийг уг салбарт оруулсан байна. Энэ нь төр засагт хүн амын эрүүл мэнд, эсэн мэнд амаржих явдалд анхаарал сул хандуулж буйн илрэл юм. Дээрээс нь IV төрөх барихад хусам хүртээх мэт хэдхэн төгрөг өгсөн нь олон хүний урмыг хугалж байна. Мэдээж төсөв хүнд байгаа гэх тайлбар хийх л байх. Тэгвэл хялбархан шийдэх нэг боломж бий. Энэ нь төрийн ордон барих 20 тэрбумаа төрөх эмнэлэгт хандивлах явдал юм. Гишүүд хичнээн ядарч зүдэрлээ ч төрөх гэж байгаа эхчүүдийн энд хүрэхгүй байлгүй дээ. Мөн коридорт хэвтэж байгаа эхчүүдтэй харьцуулахад гишүүдийн одоогийн сууж буй өрөө нь заал л гэсэн үг. Иймээс гишүүд ямбаа түр орхиод төрөх эмнэлэгт хөрөнгө оруулах эр зориг гаргана гэдэгт иргэд найдаж байна.

Санал байна
Санхүүжилт шийдэгдсэн тохиолдолд төрөх эмнэлэг барихад дор хаяж хоёр жил шаардлагатай. Тэр том барилгуудыг нэг зуны дотор сүндэрлүүлэхэд хүнд. Тэгвэл төрөх эмнэлэг баригдтал богино хугацаанд ямар арга хэмжээ авч болох талаар саналаа нэмэрлэе. Юуны өмнө жирэмсэн эх бүр нийслэлийн хэмжээнд байгаа гуравхан амаржих газарт заавал төрөх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, хүндрэлгүй, хэвийн төрөх боломжтой эхчүүдэд зориулж дүүрэг бүрт жирийн төрөх тасгууд нээх бололцоотой юм. Дээр үеэс л монгол эхчүүд араг тэврээд төрж байсан түүх бий. Тиймээс улбаалаад дүүрэг бүрийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд 20-30 ортой төрөх тасгууд байгуулъя. Энэ саналыг Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнуудад тавьж үзсэн. Тэд “Дүүрэг, нийслэлийн удирдлагууд тодорхой зохицуулалт хийж дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд төрөх тасаг байгуулах өрөө суллан өгч болно. Тэдгээр тасагт хүндрэлгүй төрөх эхчүүдийг амаржуулах бололцоотой” гэв. Нэгэнт яамны холбогдох албан тушаалтан “бололцоотой” хэмээн үзэж байгаа юм бол нийслэл, дүүргийн удирдлагууд харьяа эмнэлгүүддээ хэдэн өрөө суллаж төрөх тасаг байгуулъя. Уг тасагт хүндрэлгүй төрөх эхчүүдээ амаржуулж байя. Харин хүндрэлтэй төрөх магадлалтай эхчүүдээ нийслэлийн гурван амаржих газарт хэвтүүлж болно. Ингэвэл төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хэмжээнд багасах боломж бүрдэх юм.

Үүнээс гадна 1990-ээд оны эхээр төрөлт бага байх үед улсын чанартай эмнэлгүүдийн барилгуудын заримыг нь хувьчилсан. Гэтэл одоо төрөлт нэмэгдэж эмнэлгийг өргөжүүлэх шаардлага үүсэхэд барилгын ихэнх хэсэгт хувийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байрыг хувьчилсан төрийн алдаатай бодлогын хор уршиг одоо гарч байна. Иймд боломж байвал хуучин эмнэлгийн байр байсан хэсгүүдийг эргүүлэн авахад анхаарвал сайнсан. Уг нь энэ чиглэлд нийслэлээс анхаарч эхэлсэн юм билээ. Тэд I төрөхийн байранд байсан хувийн байгууллагуудыг нүүлгэн байрыг чөлөөлж 50 ортой төрөх тасаг байгуулахаар болсон аж. Энэ бүхэн нь шинэ төрөхтэй болтол богино хугацаанд үр дүнгээ өгөх юм. Харин яам шинэ төрөхтэй болтол түр хугацаанд төрөх тасгийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим бодлого барих болжээ. Тэд хувийн хэвшлийн жижиг эмнэлгүүдийг бодлогоор дэмжиж төрөхийн чиглэлээр ажиллаач хэмээн санал тавьж байгаа гэсэн.

Aрд түмэн хүсвэл юуг ч өөрчилж чадна

Гуйгаад өгөхгүй бол гуядаад авъя гэх тэрслүү гэмээр бодол төрөв. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн тунхагласан. Энэ нь улстөрчид хэчнээн гэдийж байсан ч ард түмэн хүсвэл ямар ч шийдвэрийг өөрчилж болно гэсэн үг. Тухайлбал, УИХ-ын гишүүд сүрлэг сайхан ордон барина хэмээн хөөрцөглөж байна. Харин ард түмэнд төрөх эмнэлэг илүү хэрэгтэй байгаа юм. Та доорх “speak out”-ыг уншаарай. Олон хүнээс саналыг нь асуухад бүгд нэгэн зэрэг төрөх эмнэлэг барихыг дэмжиж байв. Энэ нь ард түмэн 76 гишүүний төрийн ордон барих шийдвэрийн эсрэг зогсож байна гэсэн үг. Үүгээр үнэхээр л Монголд ардчилал гэж байдаг юм бол төрөх эмнэлэг барих шийдвэрийг ямар ч саад тотгоргүй гаргуулах боломжтой гэсэн үг. Ард түмэн төрийн ордон бус төрөх эмнэлгийг илүүд үзэж байна хэмээн дуу нэгтэй хэлэхэд хангалттай. Мэдээж иргэдийн гарын үсгийг цуглуулах зэргээр зохион байгуулалтын багахан ажил орох юм. Үүнийг хийх хүн захаас аваад бий гэдэгт найднам. Манай улс чинь иргэнээ өмгөөлсөн уриатай иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудаар баян бус уу.

Энэ бол яах аргагүй үндэсний эмгэнэл. Харин энэ бүгдтэй зэрэгцээд төрийн түшээд одоогийн тухалж буй шаргал ордондоо багтаж, шингэхээ больж гэнэ. Сав л хийвэл бултаараа нийлж, хурал хуй болоод шинэ өргөөнийхөө ажлыг хэзээ эхлүүлэхээ хэлцдэг болжээ.

Түүнчлэн олигархиуд шинэ ордон барихаар зэхэж байсан газраа хэн нэгэн эрх мэдэлтэнд сэм луйвардуулж, харин одоо газрын их аянд мордоод байгаа гэнэ. Уг нь аль хэзээнээс л одоогийн Засгийн газрын ордны зүүн гар талд байрлаж буй хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр шинэ өргөө сүндэрлүүлэх талаар түшээд нэг хэсэг нэлээд даацтай ярьж байсан. Гэтэл эрх баригчид нэг л өглөө төрийн данстай шинэ ордны газраа зөвшөөрлийнх нь хамт хувьчлал гээч юманд алдсан гэдгээ мэдсэн юм байх. Харин энэ бүхний цаана экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр дуулдах боллоо. Гэхдээ хачирхалтай нь энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, тодорхой хариулт хэлэх хүн байсангүй. Тэгэхээр удахгүй нэг л өглөө төрийн ордон ч гэсэн хувьчлагдах юм байна л даа…

Нэгэнт шинэ ордон барих газаргүй болсон олигархиуд одоогийн төрийн ордны хойд талд байрлах нийслэлд үлдсэн цорын ганц гэж хэлж болох ногоон байгууламжаа устгах төлөвлөгөө боловсруулаад сууж байна. Өөрөөр хэлбэл, цөөн хэсэг албан тушаалтны эрх ямбын төлөө ирээдүйгээсээ урвасан үйлдэлд тэд хамаг оюунаа чилээх боллоо. Наанадаж, нийслэл рүү чиглэсэн хүн амын төвлөрөл өдрөөс өдөрт нэмэгдэж буй ийм үед цэцэрлэгт хүрээлэнгээ устгах нь харалган бөгөөд цөөн хэсэг албан тушаалтны эрх ямбын төлөө олон нийтийн эрх ашгаас урвасан үйлдэл билээ. Тэгээд ч энэ хэмжээний ногоон байгууламжийг дахин цогцлооход наад зах нь 50-70 жил хэрэгтэй гэдгийг эрх дархтнууд мэдмээр юмсан. Цаашлаад, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, эрх мэдэлтнүүд өөрсдөө ч яах ийхээ мэдэхгүй болчихоод байгаа энэ цагт байгаа ганц ногоон байгууламжаа сөнөөж, бусниулах нь зүйд нийцэхгүй.

Ер нь бодоод байх нь ээ, хаврын урь орсонтой зэрэгцээд эрх дархтнууд байшин савны асуудлаа нэлээд хөндөх боллоо шүү. Тухайлбал, МАХН шатсан байрныхаа буурин дээр 12 давхар ордон, харин Ардчилсан нам яаж дутахав шатаагүй ч гологдоод буй байрныхаа дэргэд 20 давхар өргөө сүндэрлүүлэх гээд аль хэдийн ажилдаа оржээ. Харин парламентын шинэ ордны зураг төслийг хийж байгаа ажлын хэсгийнхэн гишүүдийн тушаалаар ажилдаа ханцуй шамлан орсон аж.

Энд нэг зүйлийг тодруулахад, УИХ шинэ ордонтой болоход Кувейтын Засгийн газар 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ аль 2006 онд мэдэгдсэн. Гэвч ордон барих газраа хулгайд алдсан хөөрхий түшээд эх орныхоо 1.5 сая кв.км нутаг дэвсгэрээс ганц байшин босгох зай олохгүй бүхэл бүтэн гурван жил нүдээ чилтэл харуулдаж суусан юм байх. Гэхдээ асуудлын гол нь эрхэм түшээд шинэ ордноо нийслэлдээ, тэгэхдээ бүр заавал хотын төвд, одоо байгаа ордныхоо ойр орчимд залгуулж барих гэж зүтгэсэнд байгаа юм. Түүнчлэн сар гаруйхны өмнө ажлын хэсэг шинэ өргөө барих газраа тогтжээ. Тодруулбал, одоогийн шаргал ордны гурав, дөрөвдүгээр давхраар холбогдох уг 14 давхар шинэ харшийн олон улсын тендерийг зургадугаар сард зарлаж, наймдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ энэ ордонг босгоход 20 орчим сая ам.доллар шаардагдах учир дутаж буй найман сая ам.долларын асуудлыг дахин Кувейтын талтай ярихаар болжээ. Тиймээс энэ асуудал үтэр түргэн шийдэгдвэл 2012 он гэхэд одоогийн төрийн ордны ард буюу төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны нойрсож байсан цэцэрлэгт хүрээлэнгийн оронд тус онд сонгогдох шинэ гишүүд, шинэ ордонд тухлах юм гэнэ.

Эцэст нь хэлэхэд, иргэн байх гэмээнэ төр бий гэдгийг өнөөгийн төр барилцаж буй нөхөд ойлгохгүй ч юм уу, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа нь хамгийн том гажуудал. Тэгээд ч та бидний ирээдүй болсон үр хүүхэд маань эсэн мэнд төрж чадахгүй элдэв өвчин шаналалд баригдан хүн болж, шороо хөдөлгөх хувь заяа нь ангалын эрмэгт тулчихаад байхад эрх мэдэлтнүүд цоо шинэ төрийн ордон мөрөөдөж суугаа нь энэ нийгмийн эрүүл үзэгдэл мөн үү. Уг нь хүн байтугай амьтан хүртэл үр удмаа эрүүл энх бойжуулан асран хамгаалж, аливаа эрсдэлээс өөрийн амь биеийг үл хайрлан хамгаалдаг билээ. Харамсалтай нь өнөөдөр олигархиуд цаг алдахгүй хойч үе, ирээдүйнхээ эрүүл амьдрах, өсч бойжих, хүмүүн болох баталгааг “тамгалах”-ын оронд өөрсдийн эрх ямбын төлөө ингэж их зүтгэж байгаа нь эмгэнэлтэй. Уг нь ойрын хэдэн жилдээ шинэ ордон барихгүй бол төрийн ажил зогсчих гээд байгаа биш. Төр засгийн өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд болоод бусад албаны хүмүүс одоогийнхоо сууж буй албан өрөөнд ажлаа үргэлжлүүлэн хийхэд болохгүй зүйл үгүй шүү дээ.

Гэхдээ бид энэ сэдвийг хөндөхдөө парламентад төрийн ордон огт хэрэггүй гэж хэлэх гэсэнгүй. Харин төр засаг хойч үеэ эсэн мэнд баталгаатай хүлээж авах нөхцөл байдлыг бий болгочихоод шинэ ордонтой болох ажлаа гүйцэлдүүлбэл бодит байдалд нийцнэ гэдгийг сануулах гэсэн юм. Түүнчлэн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон орчин үеийн стандартад нийцсэн амаржих газар барихад 19 сая ам.доллар шаардлагатай. Харин төрийн ордон барихад 20 сая ам.доллар хэрэгтэй. Тэгэхээр төрөх эмнэлэг барих амин чухал, “хоолойд тулсан” энэ асуудлыг нэгд тавьбал, ирээдүйн эх орны эзэд маань түмэн үеэрээ энэ цагийн эрх мэдэлтнүүдийг дурсах нь дамжиггүй.



О.Сэлэнгэ

Inga kommentarer:

Skicka en kommentar